Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шалгуур шинэчлэгдлээ.

2025-02-19-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Сайдын 2025 оны 02-р сарын 10-ны 36 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага” шинэчлэгдлээ.
1. Нийтлэг үндэслэл
2. Ерөнхий нөхцөл, шаардлага
3. Үйл ажиллагааны чиглэл тус бүрт тавигдах тусгай нөхцөл, шаардлага
гэсэн 3 зүйл 10 гаруй заалттай цомхон “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” - тай болж, дараах байдлаар өөрчлөгдөөд байна.
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА: Хуульд байхгүй зарим шаардлагыг хүчингүй болгож, дараах шаардлага тавигдана. Үүнд:
1. Салбарын зөвлөх тэргүүлэх зэрэгтэй инженер нь 3 хүртэл байгууллагад бүртгүүлэх боломжтой байсныг Салбарын зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй инженер нь 4 байгууллагад, мэргэшсэн инженер нь 2 хүртэл аж ахуй нэгж, байгууллагад бүртгүүлэх боломжтой болсон.
2. Бусад салбарын зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй инженерийн баримт бичгийг барилгын салбарын зөвлөх зэрэгт дүйцүүлэн тооцно.
3. Хос мэргэжилтэй салбарын инженер, техникийн ажилтан нь тухайн байгууллагадаа хос мэргэжил тус бүрээр бүртгүүлэх боломжтой байсныг Хос мэргэжилтэй салбарын инженер, техникийн ажилтан нь тухайн мэргэжил тус бүрээр өөр өөр байгууллагуудад бүртгэлтэй байж болно.
4. ХАБЭА нь Барилгын салбарын инженер суурьтай байх заалтыг ХАБЭА нь инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн ажилтан байхаар өөрчилсөн.
5. ИТА шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд 30 хоногийн дотор нөхөж бүртгүүлдэг байсныг ИТА шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд 90 хоногийн дотор нөхөж бүртгүүлэх боломжтой.
6. Нийгмийн даатгал 1-3 сар төлсөн байхыг шаарддаг байсныг өөрчилж Нийгмийн даатгал шаардахгүй болгосон.
7. БҮАТЗ -ийн гэрээ нь тоон гарын үсэг, QR код /түргэн хариултын код/ - той, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг цахимаар буюу QR кодтой олгохоор болсон.
8. БҮАТЗ сунгуулах, нэмэлт ажлын төрөл авах бол тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, Барилгын салбарын норм, нормативын санд төлбөр төвлөрүүлсэн баримтыг ирүүлсэн байна.
9. 9. Компаниудын нэгдэл буюу групп компани нь мега төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах шаардлага үүссэн тохиолдолд өөрийн охин буюу салбар аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилчдын мэдээллийг ашиглан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангуулж болно.
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА: Дунд төвөгшилтэй барилга нь өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарагдах болов.
1. Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд 38 заалттай байсныг багасгаж 28 заалтын хүрээнд тусгай зөвшөөрөл олгохоор болсон.
Тухайлбал дунд төвөгшилтэй зураг төсөл зохиох эрхтэй байгууллага өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл хийх эрхтэй болсон. Түүнчлэн, 4.3 “Хөнгөн ба хүнд үйлдвэрийн барилга байгууламжийн технологийн зураг ажил”, 4.9 “Газар доорх гарц, тусгай зориулалтын бусад барилга байгууламжийн зураг төслийн ажил”, 8.1 Барилга угсралтын ажлын зохион байгуулалтын зураг төсөл /БЗБТ, АГТ,УЗБТ/ зэрэг заалтуудыг хассан байна.
2. Барилгын ажлын хүрээнд 28 заалттай байсныг багасгаж 18 заалтын хүрээнд тусгай зөвшөөрөл олгохоор болсон.
Тухайлбал дунд төвөгшилтэй барилга байгууламжийн барилга угсралтын ажил хийх эрхтэй байгууллага өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн барилга угсралтын ажил хийх эрхтэй болсон. Түүнчлэн 5.3 Ус хангамж, ариутгах татуургын системийн шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил, 5.4 Дулааны гол шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, 5.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлын заалтууд хасагдсан.
3. Өргөх байгууламжийн ажлын хүрээнд 7 заалттай байсныг багасгаж 4 заалтын хүрээнд тусгай зөвшөөрөл олгохоор болсон.
Өөрөөр хэлбэл, Дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжид хамаарах өргөх байгууламжийн заалтууд адил байх бөгөөд өргөх байгууламжийн үйлдвэрлэл 1 заалттай байхаар шинэчлэгдлээ.

Шинэчлэгдсэн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Энд дарж харна уу.

Copyright © 2013 - 2025 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Нээлттэй мэдээлэл хүлээн авах утас 70376471, 70376483