ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД ЦАХИМААР БҮРТГЭДЭГ БОЛЛОО.

2019-01-24-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/108, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/151 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдсан Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон газрын кадастрын мэдээллийн сангийн хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, дундын мэдээллийн сан үүсгэх ажлыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш буюу 2018.11.01-ний өдрөөс эхлэн хамтран зохион байгуулж ажиллаж байна.
Дундын мэдээллийн-Цахим санд Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх, үйл ажиллагааны онцлог, давуу тал нь Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн нэгдсэн цахим сантай болж, иргэд, олон нийтийг дээрх 2 байгууллагад очиж үйлчлүүлэх шат дамжлагыг бууруулж, цаасан суурьтай бичиг баримтыг бүрдүүлэх явдлыг таслан зогсоож зөвхөн 1 байгууллагад хандаж “Цогц” үйлчилгээг түргэн шуурхай авахад гол зорилго оршиж байна.
Тухайлбал, өмнө нь Иргэн өөрөө Газрын албанаас өргөдлийн төрлөөс хамаарч /Шинээр газар эзэмших, ашиглах, эрхийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн орох, талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгах, зориулалт өөрчлөх, барьцаанд бүртгэх/ хавсралт материалыг цаасан баримтаар хүлээн авч, дараа нь Улсын бүртгэлд очиж эрхийн улсын бүртгүүлийн “ГЭ” дугаар авдаг байсныг халж, зөвхөн Газрын албаар үйлчлүүлж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “Э” дугаар авч, газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг хүлээн авдаг болсон.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15.7-д заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийг ажлын 3 өдрийн дотор, мэдүүлэг алдаатай байх тохиолдолд мэдүүлгийг буцаан анхны мэдүүлэг гаргасан хугацаанаас ажлын 5 өдрийн дотор багтаан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд заавал бүртгэнэ. Улсын бүртгэлд бүртгүүлж “Э” дугаар авахад Газрын албанаас тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг цахимаар илгээж, Улсын бүртгэлээс Дугаар ирсний дараа Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар дамжуулан цахим хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг бичиж хэвлэх юм.

Энэ үйл ажиллагаа нь Газар өмчлөлийн үйл ажиллагаанд хамаарахгүй.
Мэдээлэлтэй холбоотой асуух зүйл байвал дараах утсаар лавлана уу.
Дархан: Нээлттэй утас: 7037-6471
Орхон: 99628627, Хонгор: 99279299, Шарын гол: 99243741

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар