Арилжааны банкуудтай хамтран ажиллахаар боллоо.

2019-02-02-ндМэдээллийг бэлтгэсэн: Админ

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсонтой холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/108, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/151 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдсан Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон газрын кадастрын мэдээллийн сангийн хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, дундын мэдээллийн сан үүсгэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018.10.26-ны өдрийн “Гэрчилгээний загвар шинэчлэн батлах тухай” А/177 дугаар тушаалын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэх ажлыг 2019.01.01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэ шинэчлэн батлагдсантай холбоотой Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумын газрын төлбөрийн хэмжээг тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2018 онд шинэчлэн батлагдаж 2019.01.01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой Газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих хариуцлагыг газар эзэмшигч өөрөө хүлээнэ.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангаж банкны барьцаанд бүртгэлтэй байгаа газар эзэмшигч, ашиглагч нарын газрын гэрээ, гэрчилгээг хэрхэн шинэчлэх тухай, арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулж санал солилцлоо.
Иймд гэрээгээр хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага Та бүхнийг газрын гэрээ, гэрчилгээгээ 2019 оны 1 дүгээр улиралд багтаан шинэчлүүлж, гэрээгээ дүгнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-6471 дугаараас авна уу.

Copyright © 2013 - 2018 Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар